
Өдөр бүр бид хоол унд, унаандаа багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг ч тэр болгон тооцоолоод байдаггүй. “Тооцоолох шаардлага байна уу?” гэж бодож байж болох ч сарын сүүлээр ямар их мөнгө үрсэнээ мэдэрдэг.
Эрдэмтдийн үзэж байгаагаар ялихгүй зүйл дээр ч тооцоо гаргаж байх ёстой гэнэ.Судалгаагаар эрчүүдээс эмэгтэйчүүд нь илүү зарлага гаргадаг нь нотлогджээ. Үүнд гайхах зүйл байхгүй. Учир нь хоол унд, өмсөх зүүх, гэр орны эд хогшил, байр, утасны мөнгө төлөх гээд л бүхий л зүйл эмэгтэйчүүдийн нуруун дээр буудаг. Тэгвэл ахуйн хэрэглээндээ зарцуулдаг мөнгөө хэрхэн хэмнэж болохыг энэхүү найман аргаас мэдэж аваарай.
1. Хэрвээ та хүнсний ногоогоо зах дээрээс худалдаж авдаг бол зах тарахаас 30 минутын өмнө очиж бай. Учир нь хотод ирж ногоогоо худалдаалж буй худалдаачид үлдэгдэл бараагаа зарахын тулд өглөөнийхөөсөө хямд үнээр зардаг. Мөн баасан гариг, амралтын өдрүүд, баяр ёслолоор захын үнэ тэнгэрт тулдаг бол даваа гариг, баярын дараа үнэ нь буурдагийг хэлүүлэлтгүй мэдэх биз.
2. Намар ногоо их хэмжээгээр худалдан авч дарвал өвөл та сэтгэл амар байж болно. Мөн загас, махыг өвлийн улиралд нөөцлөн зоориндоо хөлдөөх нь танд ашигтай. Учир нь өвөл хүнсиний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг.
3. Бөөнөөр нь худалдаж авахад хямд тусдаг гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Гэхдээ хадгалах хугацааг бодох хэрэгтэй. Жишээлбэл, хотын нөхцөлд төмс, лууван, манжин, сонгиныг их хэмжээгээр нөөцлөхөд ердөө хоёр сараас хэтэрдэггүй. Харин хөлдөөгчинд ямар ч бүтээгдэхүүнийг гурван сараас илүү хугацаатай хадгалдаггүй. Лаазалсан бүтээгдэхүүнийг харанхуй, хүйтэн нөхцөлд ердөө жил хадгалж болдог.
4. Хямд үнэтэй бүтээгдэхүүнийг та хаанаас ч авсан бай /дэлгүүр, зах/ хугацааг нь харж байгаарай.
5. Үнэтэй, сайхан хувцас, эдлэлийг анх хараад л таалагдсан бол худалдаж авдаг нь бүсгүй хүний гэм биш зан. Дараа нь дэмий зүйл их үнэтэй авсандаа харамсах нь бий. Тэгвэл яаран худалдаж авах хэрэггүй. Юуны өмнө “Энэ зүйл танд зайлшгүй шаардлагатай байна уу, үгүй” гэдгээ сайтар бодож, цаасан дээр бичээд хэд хоногийн дараа нөгөө зүйлээ дахин үз. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа хэрэгтэй гэж бодсоор байгаа бол худалдаж ав. Харин санаа тань хувирсан бол танд баяр хүргэе. Та нэг сумаар хоёр туулай буудлаа гэсэн үг. Учир нь та их хэмжээний мөнгө үрээгүйгээр барахгүй дараа нь амаа барих зүйл хийсэнгүй.
6. Тооцооны хуудсаа хадгалж бай. Учир нь худалдаж авсан зүйл тань танд таалагдахгүй, эсвэл таарахгүй бол та уг тооцооны хуудасны тусламжтай буцааж өгч болно. Гэхдээ зөвхөн хоёр долоо хоногийн дотор л хүчинтэй гэдгийг сана. Мөн сав баглаа нь гэмтээгүй, бүтээгдэхүүний шошгыг аваагүй байх хэрэгтэйг анхаарна уу.
7. Баримтаа хадгалж бай. Учир нь цахилгаан холбоо, нийтийн үйлчилгээний газраас андуурсан баримтууд ирэх нь бий. Хэрвээ үйлчилгээний үнэ бодож байснаас тань өндөр байвал та утасдаж асуухаасаа санаа зовох хэрэггүй.
8. Тухай бүрт нь нийтийн үйлчилгээ, утас, интернэт, байрны мөнгөний тооцоог хийж бай. Хэрвээ та бага орлоготой бол хэдийг нь төлөөд хэдийг нь үлдээхээ урьдчилан тооцоолж байгаарай.
Энгийн зөвлөгөө
Сар болгонд гэр орондоо зарцуулах зарлагыг тооцоолон бич. Шинэ дэвтэр гаргаж хуудас болгон дээр нэг сарын зарлагыг бичих хүснэгт зур. Мөн орлого, зарлага, болон төлсөн, төлөөгүй тооцоо, ойр дотныхоо хүмүүсийн төрсөн өдөр, баяр ёслолын өдрүүдээ оруулахаа мартав. Ингэж бичсэнээр та цаг нь тулсан үед үнэтэй хэрнээ хэрэгцээгүй зүйл худалдан авахаас сэргийлэж, мөнгөө зөв зарцуулах болно.